НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийж байгаа давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүснэ.
Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй гэж үзэж байгаа. Энэхүү ажил нь судалгаа болон улс, нийслэлээс хийж буй хөрөнгө оруулалтын урсгалд үндэслэн өрнөж байна. Бага тойруу дахь хэт төвлөрөл баруун урагш гарах төвлөрлөөс их юм.
Иргэд Бага тойрууд автомашинаа байршуулах газар олдохгүйгээс үүдэн төрийн үйлчилгээ авах хүмүүс бухимдалтай байдаг. Үүнээс болж төрийн албан хаагч иргэдийн харилцаанд зөрчил үүсэх нь цөөнгүй бий. Тиймээс Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно” гэв.
Хуралдаанаар Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болгох хотын шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа. Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгов.