УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.05.14/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуультай холбоотой багц хууль, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Засгийн газраас боловсруулж, гишүүдийн саналыг тусган оруулж ирсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд явах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүдийн олонхи нь санал нэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд хэлэлцжээ. Хуулийн гол зорилго нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Уг хуульд зааснаар 9-200 хүртэлх ажилтантай 2.5 хүртлэх тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний байгууллага гэж үзэхээр тусгасан байна. Ингэснээр дээрх тодорхойлолтод багтаж байгаа аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах боломжтой. Жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлдөг болох зохицуулалт хийхээр заажээ. Бүлгийн гишүүдийн зүгээс ойрын хугацаанд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг сайтар хэлэлцэж, цаг алдахгүй батлан 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн Элчин сайдтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шведэд суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Японд суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британид суух Элчин сайдаар Н.Тулга нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, хуулийн дагуу байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайдад нэр нь яригдаж байгаа тодорхой хүмүүсийг дэмжихгүй байгаа. Ийм байхад дахин Австрали, Тайландын Вант Улсад суух Элчин сайд болгох гэж зүтгэх хэрэг байна уу?
-Австрали болон Тайланд улсад суух Элчин сайдыг Ерөнхийлөгч дэмжээгүй гэсэн асуудал бүлгийн хуралдаанаар яригдаагүй. Засгийн газартай Ерөнхийлөгч ярихдаа “Дэмжинэ. Гэхдээ цаг хугацааны хувьд ярилцъя” гэсэн тохиролцоонд хүрсэн юм билээ. Ер нь Элчин сайдыг томилох асуудлаар Монгол Улсын түүхэнд анх удаа ийм ойлгомжгүй асуудал гарч байна. Өмнө нь Япон, Канад Улсаас Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар суулгахыг дэмжсэн албан бичгээ явуулсан. Дээрх хоёр хүн Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, туршлагатай хүмүүс тэд хариуцсан ажлаа сайн хийгээд явж чадна гэж бодож байна.
-Нэг хувийн татварт ямар аж ахуйн нэгжүүд хамрагдах вэ?
-Барилгын салбар болон сүлжээ дэлгүүрүүд нэг хувийн татварт хамрагдахгүй. 9-200 хүний ажлын байр бий болгосон 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг үүнд хамруулна. Энэ хуулийн агуулга нь иргэдийг ажлын байртай болгоход анхаарч байгаа.
- Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл Татварын хуультай хэрхэн уялдаж байгаа вэ?
-Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн ялгаа, давхцлыг арилгахад анхаарч ажиллана.
Одоогийн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олгож байгаа байдлыг харахад хуулийн зохицуулалт бүрхэг байна. Бүлэг дээр жижиг, дунд үйлдвэрлэл нэрийн дор том аж ахуйн нэгжүүд зээл авч байна гэсэн шүүмжлэл гарч байна. Хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдгийг тодорхой болгох санал гарсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг банкаар дамжуулах уу, сангаар уу эсвэл агентлаг байх уу гэх мэтчилэн ярилцсан байгаа.