X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсерээр Н.Онон ажилласан юм.
Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар "X ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д "Солиот эх" кино амжилттай оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг" хэмээсэн байна. Урлагийнхандаа “Алаг нүдэн Одноо” гэж цоллуулдаг МУГЖ И.Одончимэг буюу Одноодоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.