Монголын төр, нийгмийн зүтгэлтэн “Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэрийг дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийв.
Энэ бол XX зууны түүхэнд эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн төрийн хийгээд бичгийн их эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан “БНМАУ-ын анхны Ерөнхий сайд” Б.Цэрэндоржийн 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг түүний үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран зохион байгуулав.
Үзэсгэлэнд "1913 оны нэгдүгээр сард Оросын Эзэн хаанаас шагнасан гэгээн Станиславын одон, Хятадын Засгийн газраас шагнасан Үнэн гэрэлтийн одонгийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд Зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн болон цайны хэрэгсэл, өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлий дээжлэн тавьжээ.
Эл үзэсгэлэнгээс монгол хүн утга учиртай амьдрахын үлгэр дууриал, төрийн хүний намба, алсын хараатай гарамгай зүтгэлтний намтар цадиг, XX зууны Монголын түүхийн гэрч болсон гэрэл зураг, мартериалтай танилцаж эх түүхээрээ бахархах, өв уламжлалаас суралцах боломжтой. Үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.