УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Захирамж гаргаж, өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Оюунчимэг нарын гишүүд томилогдсон. Мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий тус ажлын хэсгийг зарим гишүүд хошигнож "Мөрөөдлийн баг" хэмээн нэрийдээд байгаа. Тэгвэл тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Оюутолгойн уурхай дээр очиж ажилласан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " УИХ дахь ажлын хэсгийн гишүүд Оюутолгойд ажиллаж байна. Материалуудыг уншиж судлахын зэрэгцээ газар дээр нь очиж бодит байдлыг харна гэдэг чухал.Оюутолгойг тойрсон олон маргаантай асуудалд УИХ-с томилогдсон ажлын хэсэг бодит үнэлгээ өгөхийг зорьж ажиллаж байна" хэмээгээд ажилчид болоод ажлын хэсгийн гишүүдтэй сэлфидсэн зургаа оруулсан байна. Юутай ч "Мөрөөдлийн баг"-ийнхан газар дээр нь очиж сэлфи хийгээд зогсохгүй Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах байх гэж найдаж байгаа олон хүн байгаа гэдгийг эрхэм гишүүд мартаагүй гэж найдаж байна.