Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор мэдэгдэл гаргалаа

МАХН болон бусад намууд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эрхээр нь хүргэж байна:

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭД, ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр. Улаанбаатар хот.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн Дэд хэсгүүдэд МНН, ИЗНН, МҮАН, МАХН-ыг төлөөлөн ажилласан гишүүдийн санал, дүгнэлтэд үндэслэн манай намууд Монгол Улсын нийт иргэд, Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их хурлын гишүүдэд хандан дараах МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.

Нэгэн зүйл. Алтны нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг, зэсийн нөөцөөрөө “Эрдэнэтийн зэсийн орд”-оос 5 дахин том, мөнгөний нөөцөөрөө “Асгатын мөнгөний орд”-оос 8 дахин том “Оюутолгойн төсөл” хэрэгжсэн 9 жилийн хугацаанд манай улсад нааштай гэхээсээ илүү сөрөг үр дагавартай төсөл боллоо.

Нэгэн зүйл. “Оюутолгойн ХОГ” байгуулагдсан 2009 онд Монгол Улсын гадаад өр 2,2 тэрбум ам.доллар байсан бол 2018 оны эхний хагасын байдлаар гадаад өрийн хэмжээ 28 тэрбум ам.доллар болж, ард иргэдийн нуруун дээрх өрийн дарамт 14 дахин нэмэгджээ.

Энэ их хэмжээний өрийн нэлээд хэсэг нь “Оюу толгойн ХОГ”-ний шууд үр дагавар гэж үзэж болно. Тодруулвал “Оюутолгойн төсөл”-д Монголын талаас оруулах хөрөнгө оруулалттай холбоотой өрийн хэмжээ төслийн нийт хугацаанд 14,4 тэрбум ам.доллар болох тооцоо гарчээ. Энэ өр цаашид ч өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа нь эрүүл саруул ухаантай хүн бүрийн сэтгэл санааг зовоож байна.

Нэгэн зүйл. Оюу Толгойн ордоос олборлох зэсийн хэмжээ 2010 оны Техник, эдийн засгийн үндэслэлээс 10.7%-иар, алтны хэмжээ 2.7%-иар, мөнгөний хэмжээ 12.5%-иар тус тус өссөн байхад олборлох, боловсруулах зардлын дундаж өсөлт 212.3%-иар нэмэгджээ. Ийнхүү төслийн нийт зардал, тэр дундаа хөрөнгө оруулалтын зардал 2.6 дахин, үйл ажиллагааны зардал 2.8 дахин, тээврийн зардал 4.9 дахин, менежментийн төлбөр 3 гаруй дахин өсөхөөр тооцсон нь үнэхээр Монголын талд туйлын ашиггүй ажиллагаа болж, Монголын тал байгалийн баялгаа цөлмүүлээд “Оюутолгойн төсөл”-өөс ногдол ашиг хүртэхгүй, улмаар өрөнд баригдаж хоцрох нөхцөл байдал үүсчээ.

Нэгэн зүйл. 2006 онд Монгол Улс нэгдсэн орсон “Олборлох байдлын ил тод санаачлага”-ын орд ашиглалтын ил тод байх ёстой асуудлууд, тухайлбал:

– тусгай зөвшөөрлийн олголт,

– санхүүгийн тайлан,

– бенефициар өмчлөгч (ашиг хүртэгч эзэд),

– олборлолт,

– эдийн засагт оруулах хувь нэмэр,

– борлуулалтын орлого, зарцуулалт,

– менежментийн үйл ажиллагаа, холбогдох гэрээ,

– үндсэн ба туслан гүйцэтгэгчийн мэдээлэл,

зэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг нууцалж байгаа нь Үндсэн хуульд зааснаар баялгаа мэдэлдээ байлгаж буй Монголын ард түмэн уг төсөлд хяналт тавих боломжгүй болгожээ.

Төслийн хөрөнгө оруулалтад барьж эхлээгүй цахилгаан станцыг 620 сая ам.доллараар тооцон оруулсан, цахилгаан дамжуулах шугам 8 сая ам.доллараар барихаар төлөвлөсөн ч 37 сая ам.доллар болсон буюу 4,5 дахин илүү зардал гаргасан, ачааны машины засвар, үйлчилгээний төв 15 сая ам.доллараар баригдахаар төлөвлөсөн ч 79 сая ам.доллар болж, зардал нь 5 дахин илүү өссөн, дулааны төв байгууламжийг 26 сая ам.доллараар барихаар төлөвлөсөн ч 3 дахин илүү зардал гаргаж 73 сая ам.доллароор барьсан, 10 сая ам.доллараар барихаар төлөвлөж байсан нисэх буудлын өртөг 65 сая ам.доллар болсон буюу 6 гаруй дахин нэмэгдсэн, олборлох үйл ажиллагаа АНУ-ын ижил төстэй уурхайн олборлолтоос 5 дахин илүү зардалтай болсон мөн Монголын компаниуд гүйцэтгэж чадах ажлуудыг яагаад гадны компани, ажилчдаар өндөр үнээр гүйцэтгүүлсэн зэрэг олон асуултад хариулт авах боломжгүй байсан бөгөөд уг төслийг хэрэгжүүлэгчид дээрх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдээс нуухдаа “нууцын зэрэглэл”-тэй баримт бичиг хэмээн шалтагласан юм. Бид луйвар булхайг ямар ч нууцын зэрэглэлтэй баримт бичгээр халхавчлан нуун дарагдуулж болохгүй гэсэн хатуу байр суурь баримталж байна.

Нэгэн зүйл. Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан ч манай төр засаг ард түмнийхээ мэдэлд байгаа баялгийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй, үндэстэн дамнасан бизнес-санхүүгийн бүлэглэлийн эрхэнд орж Монголын ард түмний эрх ашгаас урвасан байна. Тухайлбал “Оюу толгой төсөл”-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөн сууж байгаа 3 гишүүн их хэмжээний сонирхлын зөрчилд автсан байдалтай байгаа бөгөөд “Оюутолгойн төсөл”-тэй холбоотой хэлцэл, төлбөр, шимтгэлийн талаархи шийдвэрүүдийг Монголын эрх бүхий байгууллагуудад мэдэгдээгүй нь Монголын талын эрх ашгийг хамгаалах биш харин гадаадын талын эрх ашгийг хамгаалах, нууцлалыг задруулахгүй гэсэн үүрэг хүлээж ноцтой алдаа дутагдлуудыг нуун дарагдуулах ажиллагаа явуулж буй нь тогтоогдож байна.

Түүнчлэн “Оюутолгойн ХОГ” нь:

– Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн (Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. заалт) байна.

-“Эрдэнэтийн УБК”-аас 15-20 хувийн өсөн нэмэх роялтийн татвар авдаг мөртлөө “Оюу толгойн орд”-оос 5 хувийн роялти авах зэргээр “Оюутолгойн төсөл”-д онцгой давуу эрх олгосон нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа болж байна.

-“Оюутолгойн ХОГ”-г 2009 онд 30 жилийн хугацаатайгаар байгуулсан боловч уг ордыг ашигласны дагуу Монголын талд оногдох ногдол ашгийг 2048 он хүртэл хүртэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч байгаа нь “Оюутолгойн ХОГ” байгуулсаны утга учрыг бүрмөсөн алдагдуулж байгаа бөгөөд зөвхөн энэ байдал уг гэрээг цуцлах хангалттай үндэслэл болно гэж үзэж байна.

-Монголын тал өдөр тутам нэмэгдэж байгаа хувь нийлүүлэгчдийн зээл, түүний хүүгийн дарамтанд орж байна. “Оюу толгой төсөл”-ийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах амлалтаар 66 хувийг үнэгүй авсан атал менежментийн төлбөр 6.7 тэрбум ам.доллар, “Рио Тинто”-гийн сервис үйлчилгээний төлбөр 2.2 тэрбум ам.доллар, баталгааны шимтгэл 500 сая ам.доллар болж, энэ төсөл ашгийн төлөө бус, санаатайгаар зардлыг нэмэгдүүлж, удирдлагын нэг нэгдмэл чиг үүрэгт асар их зардал гаргахаар байгаа нь Монголын эдийн засагт нэмэр болохоосоо илүү хүнд нэрмээс болж, өр зээлийг нэмэгдүүлжээ.

-УИХ-ын 2009 оны 7-р сарын 16-ны өдрийн 57-р тогтоолын 3-т “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэж заасан байдаг. Гэтэл өнөөгийн байдлаар ногдол ашгийг Монголын талд 2048 онд олгох тухай дүгнэлт гарч байгаа нь 30 жилийн хугацаатай байгуулагдсан Гэрээ хэрэгжсэнээс хойш бүтэн 39 жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх болж, улмаар энэ байдал УИХ-ын тогтоол хэрэгжих боломжгүй болсныг илтгэн харуулж байна. Бодит байдал ийм байхад “Оюутолгойн ХОГ”-ний 15.28.-д “Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь 2009 оны 7-р сарын 16-ны өдрийн УИХ-ын 57-р тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэж бичсэн нь илэрхий хууран мэхэлсэн заалт болсон байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын гэрээ, менежментийн гэрээнүүдэд “Айвенхой майнз Монголиа Инк”, “Айвенхой лимитэд”, “Рио Тинто интернэшнэл холдингс”, “Айвенхой Оюу Толгой Би Ви Ай”, “Оюу Толгой Нидерландс Би Ви”, “Туркойз Хилл”, “Оюу Толгой ХХК”, “Айвенхой групп”, “Рио Тинто групп” гэх зэргээр маш олон хуулийн этгээдүүд солигдон гэрээний нөгөө тал болон оролцож, тэдгээрийг төлөөлөн хоёрдогч хүмүүс гарын үсэг зурж, гол эзэд нь хариуцлага хүлээгээгүй байгаа нь хууран мэхлэх далд зорилго агуулсан байна. Оффшор бүсүүд, Монгол Улсад давхар татвар төлөхгүй байх гэрээтэй орнуудад байгуулсан компаниудаар борлуулалтын орлого, санхүүгийн гүйлгээнүүд явагдаж, татвараас зугтах, үнэ шилжүүлэх, санхүүгийн эх үүсвэрээ дамжуулан хүүлэх, нийлмэл хүү тооцох, эх үүсвэрийг өөр газар байршуулж ашиглах, гүйцэтгэлд нэгдмэл сонирхолтой этгээдүүдээрээ дамжуулан оролцох, туслан гүйцэтгэгчдээр дамжуулан хөрөнгө завших, төсөлд бараа бүтээгдэхүүн шахах, төрөл бүрийн үйлчилгээний шимтгэл, зардал гаргах зэргээр хараа хяналтгүйгээр их хэмжээний хөрөнгө мөнгийг үр ашиггүй үрэн таран хийх бусармаг ажиллагаа явуулж байна гэж үзэхээс өөр аргагүй байдлыг бий болгож байна.

Иймд дээрх нөхцөл байдлын улмаас УИХ-ын тогтоолыг зөрчин байгуулсан гэрээг нэн даруй цуцлах нь Монгол Улсад хууль, хууль тогтоомж үйлчилдэг эрх зүйт төр байгаагийн нотолгоо болно гэж үзэж байна.

-“Оюутолгойн ХОГ”-г 2009 онд байгуулахад гадаадын талын хувьцаа эзэмшигч “Голдман сакс” компани Монголын талын зөвлөхөөр ажилласан нь ашиг сонирхлын том зөрчил мөн бөгөөд анхнаасаа Монголын талд ашиггүй, харин гадаадын талд онцгой давуу эрх олгосон Гэрээ байгуулах нэгэн угтвар нөхцөл болсон юм.

“Оюутолгой компани”-д 14 мянган хүн ажиллаж байна гэж сурталчилж байгаа боловч одоогийн байдлаар 2400 гаруй хүн ажиллаж байгаа нь баримтаар тогтоогдож, амалснаас нь даруй 7 дахин бага байна. Цаашид энэ тоо буурч 2037 он гэхэд 500 орчим хүн ажиллахаар төлөвлөгдсөн байна.

-Дубай хотноо байгуулсан “Далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөө” нь байгуулагдахаасаа өмнө ҮАБЗ-ийн хуралдаанаар ороогүй, УИХ-аар хэлэлцэгдээгүй бөгөөд энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн ажиллагаа мөн гэж үзэхээс өөр аргагүй.

-Оюу толгойн төсөлд ашиглах усны нөөц сайн судлагдаагүй, одоогийн байдлаар гүний усны нөөцийн төвшин эрс доошилсон нь тогтоогдож байгаа нь уг төсөл экологийн эмзэг бүс нутагт хамрагддаг Говийн бүсийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд эхэлснийг илтгэн харуулж байна. Тухайлбал Говийн бүсийн гүний усны нөөц өнөөгийн байдлаар ихээхэн багассан буюу 6000 жилд хуримтлагдах усны нөөцийг 6-хан жилийн хугацаанд нөхөн сэргээлгүйгээр ашигласан байна.

Энэ бүхнийг дүгнэхэд “Оюутолгойн ХОГ” нь

нэгд, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн,

хоёрт, эдийн засгийн хувьд Монголын талд ашиггүй,

гуравт, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой зөрчилдсөн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй

Гэрээ мөн тул түүнийг нэн даруй цуцлах нь шударга ёсонд нийцнэ.

Манай намууд дээрх зөрчил, алдаа дутагдлыг арилгаж засахын тулд “Оюутолгой ордын ХОГ”-г нэн даруй цуцалж, аль аль талдаа харилцан ашигтай хамтын ажиллагааны Гэрээг Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжид нийцүүлэн шинээр байгуулах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь баримталсан хэвээр байгаагаа дахин нотолж байна. Улс орны эдийн засагт ихээхэн нөлөө бүхий “Оюу толгойн ХОГ”-г цуцалж аль аль талдаа харилцан ашигтай гэрээг шинээр байгуулах эсэх асуудлаар АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулж, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1.-д заасны дагуу “…байгалийн баялаг гагцхүү Монголын ард түмний мэдэлд… байна” гэсэн зарчимд нийцүүлэн нийт ард түмнээрээ хэлэлцүүлэн эцэслэн шийдвэрлүүлэх нь шударга ёсонд нийцсэн хамгийн зөв гарц мөн хэмээн үзэж байна.

Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намууд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” хуулийн дагуу АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулах шийдвэрийг нэн даруй гаргахыг УИХ-аас шаардаж байна.

Ард түмний эрх ашиг шингэсэн бидний энэхүү шаардлагыг ард түмний элчийн хувьд УИХ-ын гишүүн бүр нам харгалзалгүйгээр эх орныхоо эрх ашгийг бодон хүлээн авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, харин Ерөнхийлөгч, Засгийн газар УИХ-аас “Оюу толгойн ХОГ”-ийн асуудлаар Ард түмний санал асуулга явуулах тухай шийдвэр гаргахад нь шахаж, дэмжиж ажиллахыг анхааруулж байна.

Монголын ард түмэн Монгол хүн, гэр бүл бүрийн ахуй амьдралтай шууд холбоотой энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, “Оюутолгойн ХОГ”-г нэн даруй цуцлах, Монгол Улсад харилцан ашигтай Гэрээг шинэчлэн байгуулах мэргэн шийдвэрийг гаргахыг уриалж байна.

Монголын ард түмэн мандтугай.

МОНГОЛЫН НОГООН НАМ ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ