Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.

Баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.

Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг зохион байгуулах хорооны хурлаас гаргалаа.

Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж зохион байгуулах хорооны гишүүд үзлээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг баталлаа.

Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Харин 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин хэлээд Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэнд зориулсан өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгав.

Баяр наадмаа будилаан, маргаангүй, шударга зохион байгуулах нь Үндэсний хорооны гишүүдийн үндсэн үүрэг. Энэ үүргээ эрхэмлэж ажиллахыг Зохион байгуулах хорооны гишүүдэд Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо.