У.Хүрэлсүх: Хааны эрэлд сургууль бүс нутгийн итгэлцэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлж байна

“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна.  16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, эрхэмсэг хатагтай, ноёд оо!

Энхийн үйлсийн зорилго дор нэгдсэн орон орны энхийг сахиулагчид, эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Та бүхэнд дэлгэр зуны энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье!

Хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улсыг байгуулан, улс гэрээ төвхнүүлж, Их эзэн Чингис хааныхаа нэрээр дэлхийд танигдсан Монголчууд төв Азийн цээжинд дэх өргөн уудам  нутагтаа мал сүргээ адгуулан амьдарч, нүүдэлчин соёл иргэншлийн сонгодог төлөөлөл болон оршин тогтнож ирсэн билээ.

Өнөөдөр Монгол Улс даян дэлхийн шударга улс түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоон, улс орноо хөгжүүлэх зорилтыг  хэрэгжүүлж байна.

Аливаа улс үндэстний хөгжин цэцэглэх үндэс суурь нь дайн самуунгүй, амар амгалан амьдрал юм. Монгол Улс хөгжилд тэмүүлэн урагшлахын зэрэгцээ НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлаж энх тайван, амар амгалан амьдрал үгүйлэгдэж байгаа улс орон, ард түмэнд  туслахыг байнга эрхэмлэж ирсэн билээ.

Тиймээс Монгол Улс олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар гаргасан аливаа санал санаачлагуудыг  талархан дэмжиж, үйл хэрэгт нь идэвхитэй оролцож ирсэн. Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцож, өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нь үүний нэгээхэн тодорхой жишээ юм.

Монгол Улсын үе үеийн Засгийн газар Зэвсэгт хүчнийхээ энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэх, энхийг сахиулагчдын мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд  манай цэрэг дайчид олон улсад зүй  ёсоор үнэлэгдэх боллоо.

Цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд манай улс дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцож,  олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн,энхийг дэмжих чадавхиа  улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах болно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан алдарт дипломатч Даг Хамершолд нэгэнтээ “...Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш. Гэвч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна...” гэж хэлсэнчлэн бусдын сайн сайхан, амар тайван амьдралын төлөө эрсдэл дунд алхаж чадах тийм аугаа их сэтгэлийн тэнхээ, хатан зоргийг зөвхөн энхийг сахиулагчид л гаргаж чадна. Тэд байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөлд, амь нас, эрүүл мэндийн асар өндөр эрсдлийн дунд, хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлж, энхийг сахиулагч гэх эрхэм нэр алдраа өндөрт өргөсөөр байна. Тэдний дунд Монгол хүн, Монголын энхийг сахиулагчид мөр зэрэгцэн алхаж яваа нь үнэхээр бахархалтай үйл хэрэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би “Хааны эрэлд” сургуулийн улс төрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдаг юм. Учир нь уг сургууль бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэн өгч байна. Та бүхнийг энэхүү сургуульд оролцсоноороо олон орны мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцан мэдлэг туршлагаа солилцон, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, энхийг дэмжих ажиллагааны чадавхиа дээшлүүлсэн гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласан нийт энхийг сахиулагчид, туслаж дэмжсэн бүх хүмүүст баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Тус сургуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудын төр засгийн удирдлагад Та бүхнээр дамжуулан чинь сэтгэлийн талархал дэвшүүлье!

Энх тайвны төлөө зорилгод нэгдсэн эрхэм энхийг сахиулагчид Та бүхнийг  эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцон олон олон эгэл жирийн гэр бүлүүдэд айх айдасгүй, элэг бүтэн, аз жаргалтай инээмсэглэлийг бэлэглэж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсч, энхийг сахиулах гэгээн үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе! гэлээ.