Жил бүрийн 7-р сард “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Монгол улс 8 дахь удаагаа энэ өдрийг “Илрүүлье, эмчилье” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Уг арга хэмжээнд оролцохоор манай улсад ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан шадар ерөнхий захирал Рэн Минхуй ирээд байна.Айлчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын Газар ба Дэлхийн Хепатитын Хөтөлбөрийн Дарга Др.Готфрид Хирншол, Хепатитийн Хөтөлбөрийн Багийн ахлагч Др.Марк Бултерис, Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, Хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Др Наоко Ишикава, Хепатитын мэргэжилтэн Полин Чан, Аажилтан Такеши Нишижима, мөн ДЭМБ-ын Хэвлэл мэдээллийн менежер Н.Оюунтунгалаг нар багтаж байна.
Түүнийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас вируст хепатиттай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, бусад улстай манай улс туршлагаасаа хуваалцах боломжийг олгож байгаа ДЭМБ-ын удирдлага, Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон, Шадар ерөнхий захирал Танд талархал илэрхийлье.
Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний тархалт, өвчлөлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танд цогц ойлголт/мэдээлэл өгөх зорилгоор бид Таныг халдварт өвчний чиглэлээр үндэсний хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг, яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвд зочлуулахаар төлөвлөсөн байгаа. Тэнд та Төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авч, Сүрьеэгийн Үндэсний Лавлагаа Лаборатори, ХДХВ/ДОХ-той өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг Улаан тууз эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, АНУ-ын Стэнфордын Их Сургуулийн дэмжлэгтэйгээр боловсруулагдсан Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүдэд нарт зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцох болно гэлээ.