ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр Унгар улсын ГХЯ-ны төлөөлөгч, газрын дарга Адам Сзүкс, Унгарын Элчин сайд Михай Галошфай нарыг хүлээн авч Биокомбинатын үйл ажиллагааг сэргээж хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтаар 1973 онд БНУАУ-ын (хуучин нэрээр) тусламжаар бүрэн шинэчлэн байгуулж, Унгар-Монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, 1990 оноос хойш зөвхөн үндэсний мэргэжилтнүүд, мэргэшсэн ажилчид эх орны хэрэгцээт биобэлдмэлийг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн Биокомбинатыг шинэчлэн засварлах асуудалд төвлөрөн ярилцлаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, "Манай улсын хувьд малын гоц халдварт өвчний үед ОХУ болон гуравдагч орнуудаас вакцин нийлүүлж, дотоодын хэрэгцээгээ үйлдвэрлэж чадахгүй байна. Иймд Европын чанар стандартад нийцсэн вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь чухал байна. Унгарын Засгийн газар 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ асуудлыг шийдэх гэж байгаад баяртай байна" гэлээ. Мөн Унгар улстай мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг хэлэв.
Уулзалтын үеэр Унгар улсын Засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажлыг эхлэхийн тулд хоёр талаас харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барьж мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй хяналтаа тавих боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулах юм.
Уулзалтанд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан нар оролцлоо.