Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Шизүкэ” буюу “Жудаг” үзэсгэлэнд оролцохоор ирсэн Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Японы баруун бүст үеэр бууж иргэд ихээхэн хохирол амсаж байх үед Монгол Улсад Үндэсний их баяр наадам нь болж байсан ч үүний хажуугаар Монголын ард түмэн сэтгэл зовинон, хүмүүнлэгийн тусламж илгээж, эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.
Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнээс илгээсэн бага ч гэсэн хүмүүнлэгийн тусламж нь манай хоёр улсын Засгийн газар, иргэдийн харилцаа ойр дотно, бат бэх, харилцан бие, биенээ хүндэтгэж байгаагийн илрэл гээд энэхүү харилцаандаа үндэслэн илүү ахицтай ажиллах ёстой талаар ярилаа.
Ноён Ясүхиса Шиозаки мөн Монгол Улс нь Япон улсын хувьд чухал түнш гэдгийг дурдаад, Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар ойр, дотно уулзаж, хоёр орны стратегийн түншлэл, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.
Мөн талууд уулзалтын үеэр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуй, бүс нутаг зэрэг сэдвээр дэлгэрэнгүй санал солилцож, Япон улсын өндөр технологи, менежмент зэргийг хослуулан ашиглах, тодорхой төслүүдэд хамтарч ажиллах асуудлаар ярилцлаа.