-Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилт тариалангийн газрыг хашаажуулалтын ажлыг чанарт анхаарах хэрэгтэй гэв-
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын хүсэлтийн дагуу Газар тариалангийн бүс нутагт Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, намрын ургац хураалтын явц, Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нар, ОБЕГ-ын газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан холбогдох албаныхан мөн ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн удирдлагууд болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв.
Тухайлбал, долоодугаар сарын сүүлчээс наймдугаар сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн есдүгээр сарын эхэн дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орсноос 30 орчим мянган га нь ногоон тэжээл рүү шилжсэн юм. Үүнтэй холбогдуулаад ОБЕГ-т өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлсэн юм. Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
Онцгой байдлын ерөнхий газар улсын нөөцийг бүрдүүлдэг байгууллагынхаа хувьд ногоон тэжээлийг улсын нөөцөд худалдаж авах боломжтой эсэхтэй газар дээр нь танилцаж байна. Мөн улсын нөөцөд үрийн улаанбуудай худалдан авдаг. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас элит үр, нэг, хоёр, гуравдугаар зэргийн үрээс дээж авч шинжилж байна. Засгийн газрын 10 дугаар 10-ны ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Ерөнхий сайд, Онцгой байдлын ерөнхий газарт хандан ногоон тэжээлд шилжиж буй тодорхой хэмжээнд ногоон тэжээлд шилжиж буй буудайг улсын нөөцөд худалдан авахыг хүссэн. Тиймээс ийнхүү газар дээр нь танилцаж, хяналт, шалгалтын дүн гарсны дараа Улсын нөөцөд хэдиий хэмжээний ногоон тэжээл, үрийн улаанбуудай авах эсэхээ шийднэ гэлээ.
Мөн Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хүрээнд баригдаж буй тариалангийн газрыг хашаажуулж буй ажлын явцтай газар дээр нь танилцав. Одоогоор нийт 150 гаруй км хашааг барьсан байгаа ч стандарт шаардлагыг хангахааргүй байгаа учраас цаашид чанарыг сайжруулахыг БОХХАА-ын байнгын хорооны гишүүд болон салбарын сайд анхааруулж, үүрэг болгов.