Ургац хураалтын мэдээгээр улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 416.3 мянган тонн үр тариа, 166.6 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 36.5 мянган тонн гар тэжээл, 4.6 мянган тонн дарш бэлтгээд байна.
Бэлтгэсэн өвс хадлан өмнөх оны мөн үеэс 224.9 мянган тонноор буюу 24.7 хувь, үр тариа 185.0 мянган тонноор, төмс 45.3 мянган тонноор, хүнсний ногоо 14.6 мянган тонноор, бэлтгэсэн дарш 3.2 мянган тонноор өссөн бол гар тэжээл 9.7 мянган тонноор буурчээ.
Увс, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймагт нийт хураасан үр тарианы 4.8-41.1 хувь, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт хураасан төмсний 2.5-48.9 хувь, Увс, Орхон, Төв, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд, Улаанбаатар хотод нийт хүнсний ногооны ургацын 2.6- 33.7 хувь тус тус ногдож байна.
Хураасан үр тариа Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад өмнөх оны мөн үеэс 2.9-35.1 хувиар буурсан бол бусад аймагт 0.8 хувиас 7.5 дахин өссөн байна. Хураасан төмс Ховд, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Сүхбаатар, Дархан-Уул, Дорноговь, Увс, Архангай, Дундговь зэрэг аймагт өмнөх оны мөн үеэс 2.3-26 хувиар буурсан бол бусад аймагт 3.4-95.5 хувиар өссөн байна. Хураасан хүнсний ногоо Хөвсгөл, Сүхбаатар, Говьсүмбэр, Увс, Дундговь, Дорноговь, Архангай аймгуудад өмнөх оны мөн үеэс 0.9-37.3 хувиар буурсан бол бусад аймагт 1.3 хувиас 3.4 дахин өссөн байна. Бэлтгэсэн хадлан Завхан, Увс, Дархан-Уул, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд, Улаанбаатар хотод 1.2-37.8 хувиар буурсан бол бусад аймагт 2.1-78.3 хувиар өсөөд байгааг Статистикийн Үндэсний хорооноос мэдээлэв.