Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо.
Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн амь нас эрсдэх, айдаст автан эмх замбараагүй байдал үүсэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж нурах, цахилгаан станц болон шатахуун түгээх станцууд дэлбэрэх, дулаан дамжуулах шугам хоолой задрах, цахилгаан тасрах, химийн бодис алдагдах, төмөр зам эвдрэх зэргээр их хэмжээний хохирол учирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр болзошгүй тул сургуулилтыг өндөр түвшинд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг сургуулилт хийх юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.
2013 оноос хойш манай улсад жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн байна. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.