Эрдэнэс-тавантолгой” ХК өнгөрөгч 2018 онд төлөвлөсөн бүх зорилтуудаа 2-3 дахин давуулж биелүүлэн, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн. Түүхэн хугацаандаа 40 сая дахь тонн нүүрсээ 2018 оны 7-р сард олборлосон. Тэгвэл бас нэг шинэ түүхийг бичиж, Цанхийн уурхайгаас нийт 50 сая дахь тонн нүүрсээ олборлолоо.
50 сая дахь тонн нүүрсийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн А ээлжийн экскаваторын оператор Р.Мөнх-Ирээдүй ухаж ачсан бол автосамосвалын оператор Ж.Пүрэвдорж ачиж тээвэрлэжээ. Тэдний олборлосон нүүрс ийнхүү компанийн түүхэнд шинэ амжилт болон бичигдэж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд Төрийн өмчит компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар ажиллаж байгаа. IPO гаргаснаар нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих ажил зэрэг томоохон төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иар овоглосон нийт уурхайчид, албан хаагчид энэ өдөр түүхийн нэгэн шинэ хуудсыг бичиж байгаад компанийн удирдлагууд баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.