Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд хүрэлцэн очлоо.
Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.
Тухайлбал, энэхүү ордонг:
- 5700 м.кв ашиглалтын талбайтай,
- 2600 хүртэлх үзэгчийн суудалтай,
- Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
- Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
- Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.
Энэхүү төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон улсын хоккейн холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулсан байна.
Өвлийн спортын ордны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүтээн байгуулалтыг цаг, хугацаанд нь багтаан дуусгах ёстойг онцлон хэлээд шав тавих ёслолын арга хэмжээнд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан үг хэлэв.