Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг зургаадугаар сарын 1-нээс 08:00-17:00 болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ. Тус захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт даалгав.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталж байгаа юм. Мөн үүнээс гадна нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын зуны ээлжийн амралтыг зөв зүйтэй зохицуулж, амарсан нэгнийхээ оронд ажил үүргийг нь хэн нэгэн хариуцаж гүйцэтгэдэг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг Хотын захирагч холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.