Шадар сайд Ө.Энхтүвшин Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцов

ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлсэн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Шадар сайд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан эдийн засгийн коридор байгуулахыг зорьж байгааг тэмдэглэв. Мөн бүс нутагт тулгарч байгаа эдийн засгийн сорилт, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралд оролцогсод глобалчлалын сөрөг үр дагавар ядууралд хүргэж байгаа, Евроазийн эдийн засгийн холбоо улс төрийн бус, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болохоо харуулж, худалдааг хөнгөвчлөх гэрээ хэлцэл хийж байгаа болон чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хөндлөө.

1996 оноос зохион байгуулж буй Санкт-Петербургийн эдийн засгийн форум жил ирэх бүр цар хүрээ нь өргөжиж дэлхийн эдийн засгийн нийтийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэхээс гадна ОХУ болон дэлхийн бизнесийн байгууллагуудад хамтын ажиллагааны томоохон боломж нээж өгдөг томоохон талбар юм.

Энэ удаагийн эдийн засгийн форумд 18 мянга гаруй хүн оролцож байна. Эхний өдөр гэхэд л 170 орчим уулзалт болж ОХУ-тай хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохирч чаджээ.