Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 05-р сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хоригийг хүлээн авлаа.

Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж үг хэллээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн буюу 2/3 хувьд хүрээгүй учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.