”Нийгмийг өөрчлөх боловсрол” Залуусын хөгжлийн сарын аяныг энэ сарын 12-ноос ирэх сарын 25- хүртэл зохион байгуулах талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2019-08-12/ мэдээллээ.
Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн энэ өдрийг “Олон улсын залуусын өдөр” болгон тэмдэглэдэг аж. Тус өдрийг тохиолдуулан энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, НҮБ-ын Хүн амын сан зэрэг залууст чиглэсэн ажил явуулдаг байгууллагууд хамтран энэхүү аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Аяны хүрээнд “Хүчээ нэгтгэе” залуучуудын манлайлал, Залуусын хөгжлийн үндэсний тавдугаар чуулганыг энэ сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах аж. Түүнчлэн Боломж хэмээн залуусын яармаг худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамруулах ”Эрүүл оюутан хөтөлбөр”, өсвөр насныхан болон, ахлах ангийханд зориулсан ”Мэргэжил сонголтын аян” өрнүүлэхээр төлөвлөсөн аж.
Бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа залуучуудад хүргэж, насан туршдаа суралцах боломжыг бүрдүүлэх, ингэхдээ тэдгээр залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг дэмжихийг чухалчлан тус аяныг зохион байгуулж буйг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир онцолжээ. Тэрээр хэлэхдээ, “2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын 34 хувийг залуус эзэлж байна. Тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48 хувьтай ба ажилгүйдлийн түвшин 15.3 хувьтай байсан. Залуусын хөгжлийн сарын аяны хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг, танилцуулах болох цуврал ажлыг ирэх сарын 25 хүртэл хийх юм. Эдгээр нь залуусын оролцоог дэмжиж, тэдний идэвх санаачилгад суурилсан байна” хэмээв.