Наадмын талбайд согтууруулах ундаа, тамхи борлуулахыг хориглоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв.

Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа ,тамхи, халаасан болон нөөшилсөн хоол, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм. Өнгөрсөн жилүүдэд худалдаа эрхлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол энэ оноос иргэдэд ч өгөх болсон байна. Ингэхдээ худалдаа эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэдийн борлуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх аж. Харин хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгох юм.

Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагд НМХГ-ын явуулын лаборатори, улсын мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол хяналт тавих юм. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу торгууль ногдуулах аж.