Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн дарга Ли Сан Ёоб тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.
Уулзалтаар талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид хамтарч хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот нь дагуул хотууд байгуулах ажлыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, хот төлөвлөлт, зам тээвэр, орон сууц зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Бид хот төлөвлөлт, дагуул хот байгуулах Мастер төлөвлөгөөний хүрээнд хоёр, гурван байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө боловсруулж байна” хэмээлээ.
“Бид танай хотын төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж буй баг хамт олонтой туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ уулзалтын үеэр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юн хотын Захирагчид илэрхийлж байв.
Нийслэлийн орон сууцны корпораци болон Солонгосын орон сууцны корпораци нь 2016 оноос хойш орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа боловсруулах, орон сууцны бодлогын хүрээнд мэргэжилтэн солилцон туршлага судлах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтарч ажилласан байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс