Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчиллээ

Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна.

Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигджээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 320 мянга гаруй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 20-21 мянган иргэнийг хэвтүүлэн эмчилж, 10 мянга гаруй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Ууган эмнэлэг 94 жилийн ойгоо угтан бүтээн байгуулалтын болон шинэчлэл засварын ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Иргэдийг угтан авах цахим бүртгэлийн хэсгээс эхлээд зарим тасаг нэгжүүдэд бүрэн засвар хийж, шинэ өнгө төрх, шинэлэг зохион байгуулалтаар үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.