Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусаад байна. Энэ нь 5-15 км-ын радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэр байхгүй болсон гэсэн үг юм.
Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой. Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “Ховд Тул”, “Экотайхи” ХХК ажиллажээ.