Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлэхдээ “Улсын үзлэгийн удирдамж, чиглэл, дүгнэх үзүүлэлт, аргачлалын хүрээнд үзлэгт хамрагдах байгууллагуудын удирдах ажилтан, архив, бичиг хэргийн ажилтнуудад нийт 24 удаагийн сургалт зохион байгуулж, 1350 байгууллагын 2583 ажилтныг хамруулж мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангалаа. Нийслэлийн Салбар комиссын хурлыг гурван удаа зохион байгуулж нийслэл, дүүрэг, эрүүл мэнд, боловсролын салбар комиссуудад нэгдсэн чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан” гэв.
Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэгт Нийслэлийн салбар комиссоос шалгагдсан 1259 байгууллага, Төв комиссоос шалгагдсан 48 байгууллага гээд нийт 1307 байгууллага 90,4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн байна. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд Хууль зүйн сайдын баталсан дөрвөн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгагдсан найман байгууллагыг шалгаруулсан байна. Харин улсын үзлэгээр хангалтгүй дүн авсан байгууллагуудад хариуцлага тооцжээ. Үзлэгийн чанар өмнөх 2015 оны Улсын үзлэгийн дүнгээс 4 хувиар өсчээ.
“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө” батлагдлаа
“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарч байгаа аж. Хотын хөгжилд олон салбарыг хамруулсан нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарыг хамарсан бөгөөд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөсөн байна.
Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулгадаа “Агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтийг хийж тэдгээрээс агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд нь байгальд түшиглэсэн арга барилд суурилсанаараа онцлогтой юм. Иргэдийн ая тухай амарч зугаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах ажлууд ч орхигдоогүй. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, “Туул” усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ” гэлээ. Мөн энэхүү төсөл хөтөлбөрөөр нийт 14 үйл ажиллагаа 42 арга хэмжээг зохион байгуулах талаар дурдлаа.
“Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд “Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт” бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж хэлээд тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо.
Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргана
Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс ирүүлсэн. Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн Амгалан энхийн хаалганы өмнө талд шилжүүлэх санал нийслэлийн Соёл, урлагийн газраас өгсөн” гэв. Мөн Удирдлагын академийн баруун хойд талд Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын хөшөөг байрлуулах хүсэлтийг Удирдлагын академи гаргасан талаар дуулгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотод байгаа хөшөө дурсгал, түүх соёлтой холбоотой бүх газруудын судалгааг гаргахыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгоод тус асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.