Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр явуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2020.01.21/ боллоо. Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны уул уурхай, эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90-ийг төвлөрүүлж байгаа. Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 2019 оны гүйцэтгэлээр 2,9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 20,1 их наяд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 13,7 их наяд төгрөг, нүүрс олборлолт 800 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Салбарын үзүүлэлт сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөлттэй байгааг салбарын сайд нь онцоллоо.
Энэ үеэр Д.Сумъяабазар сайдаас сэтгүүлчид зарим асуудлыг тодрууллаа.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа явна вэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн бэлтгэл ажил маш сайн явж байгаа. Тодорхой мэдээллүүдийг ярьж болохгүй, олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргасан нь биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэл байгаа учраас мэдээлэл өгөх зааврыг танилцуулсан. Тухайн бирж гадны компаниудаас хөрөнгө босгож байгаа учраас бид мэдээллийг ярьж болохгүй байна.
Ерөнхийд нь хэлэхэд маш сайн байгаа, сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш бага зэрэг буурч байгаа учраас импорт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа ч одоогийн түвшнээ хадгалаад явна гэсэн мэдээллийг шинжээчид өгч буй юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нийт дүнгээр 2,2 тэрбум орчим төгрөг болсон. Нийт хувьцааны бүртгэл дуусч байна. 2017 оноос хойш өрөө тэглэж, ашигтай ажилласан нь уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн таатай үетэй давхцсан нь тааламжтай нөхцөл.
Өнгөрсөн жил тус компанийн ногдол ашгийг Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалт буюу экспортыг дэмжсэн төсөл рүү оруулж, УИХ-д танилцуулсныг аж үйлдвэр, экспорт, эдийн засгаа нэмэгдүүлэхэд төмөр замын бүтээн байгуулалт чухал учраас шийдвэрүүд гаргасан, цаашид ч гаргаад явна. Бид цаашид БНХАУ-тай жилд 30 сая тонн нүүрс борлуулах зах зээлээ хамгаалсан шийдвэрээ саяхан гаргаад ирсэн. Эдгээр зүйлүүдтэй холбогдоод экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 1072 хувьцаанд ногдол ашиг олгоно, олгохгүй гэж маргаан үүсээд буй. Мэдээж компани ашигтай ажиллаж байгаа учраас ногдол ашиг олгож болох эсэх тооцооллыг судлах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хоёрдугаар сарын 15-ны дотор тодорхой шийдвэр гаргана.