“Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон иргэдийн төлөөлөл, эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцов.

“Эрүүл иргэн-2020“ аян нь гурван жилийн өмнөөс анх эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд өнгөрсөн оны байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин энэ жилийн хувьд эрүүл иргэн аянд Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд, дүүрэг хороодын эмч нартай хамтран халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг оношлогоог хийх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан аяныг нээж хэлсэн үгэндээ “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл иргэн -2020” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд энэ жилийн хувьд 100 мянган иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүрэг хороодын өрхийн эмнэлэгүүдэд ажиллаж, нарийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийх учраас иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

“Эрүүл иргэн 2020” аянаар нийгмийн халдварт өвчин сүрьеэ, ДОХ, тэмбүү, БЗХӨ-өөс урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх ажилд түлхүү анхаарах бөгөөд аяны үйл ажиллагаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж.

Хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч албан хаагчдаас яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байгаа эсэх талаар асууж тодруулсан юм. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь өдөрт 200 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд 8000 гаруй жирэмсэн эхийг хяналтандаа байлгадаг талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул мэдээлэл өгсөн юм. Мөн тус Эрүүл мэндийн төв үзлэгийн өрөө бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байршуулж, иргэдэд оочер дараалал үүсгэхгүйгээр цахимаар цаг авах боломжыг бүрдүүлжээ.

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар болон шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар асууж тодруулахад иргэдийн зүгээс тус Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байв.