Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар “Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны мөнгийг сонгуулиас өмнө өгнө” гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэдгийг сангийн яамнаас мэдээлэв.
Засгийн газар өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 200 мянган төгрөгийг нь олгосон бөгөөд үлдсэн 100 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг төлбөртэй худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан “үлдэгдэл 100 мянган төгрөгийг сонгуулийн өмнө олгоно” гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан байна.
Иргэн бүрт олгосон 1072 хувьцаанаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компаниас өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгж олон байдаг. Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 1 хүртэл худалах юм. Харин 1072 хувьцаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй аж.