ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад 5 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
ДЭМБ-аас 2009.13 ам.долларын үнэ бүхий хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, халад, гар ариутгагч зэрэг эмнэлгийн хэрэгслийг тусламжаар ирүүлжээ. Эдгээр эмнэлгийн хэрэгслийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулав.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Шинэ коронавирусний халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. ДЭМБ-ын өнөөдрийн мэдээгээр, дэлхий дахинд уг халдварын 44 886 тохиолдол бүртгэгдэж, 1 118 хүн нас барсан. Мөн БНХАУ-аас гадна 25 улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Манай улс БНХАУ-тай 4500 км газар нутгаар хиллэдэг. Тиймээс шинэ коронавирусний халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд орсон. ДЭМБ-аас бидэнд нэмэлт заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт шинэ коронавирусээс хамгаалах хэрэгсэл өгч хамгийн түрүүнд тусламжийн гар сунгасанд ДЭМБ-д монголын ард түмэн, эрүүл мэндийн ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.
ДЭМБ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд тусламжаар ирсэн эмнэлгийн хэрэгслийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.