Засгийн газрын нөөц хөрөнгө болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймгийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэв.
Тодруулбал, аймаг тус бүрт нэг амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, халууны шил, утлагын аппарат зэрэг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Түүнчлэн Сэлэнгэ болон Улсын гуравдугаар эмнэлэгт зөөврийн рентгэн аппарат нийлүүллээ.
Тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица нар 21 аймгийн эмнэлгийн удирдлага, төлөөлөгчдөд гардуулав. Энэ үеэр Д.Сарангэрэл сайд хэлэхдээ, “Хамгаалах хэрэгслийн хувьд дэлхийн бүх улс орон хангамж муутай байна. Манай улс ч хувийн хамгаалах хэрэгслийн хангамж багассан. Хамгийн түрүүнд эмнэлгийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл олгох шаардлагатай. Тиймээс ирж байгаа тусламж дэмжлэгийг аль болох эрүүл мэндийн салбарт төвлөрүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.