Монгол Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Нээлттэй засгийн түншлэлийн Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан зургадугаар сарын 19-нд боллоо.
Ажлын хэсэгт төр засгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байгаа юм.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэх, цаашид хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд хуралдааны үеэр гишүүд өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ажлын хэсгийн дарга У.Бямбасүрэн хуралдааныг нээж хэлэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан засаглалыг бэхжүүлэх зорилтуудад тулгуурлаж Нээлттэй засгийн түншлэлийн ил тод байдлыг хангах, авилгатай тэмцэх, шинэ технологийг нэвтрүүлж ашиглах, иргэдийн оролцоог дэмжин төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд түншлэх нь төр засгийн үйлчилгээг ил тод, хариуцлагатай байлгах, авилгаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улаанбаатар хот дахь төрийн 500 гаруй төрлийн үйлчилгээг үнэлэх ухаалаг аппликэйшний хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд есдүгээр сард нээлтээ хийнэ гэж ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн төлөөлөгч Ардчиллын боловсролын төвийн захирал Г.Ундрал танилцууллаа.
Ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр гишүүд байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын хэсгийн хуралдааныг тогтмолжуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг илүү нягтаршуулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцсон юм.
Монгол Улс хоёр дахь “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-гөө Нээлттэй засгийн түншлэлээс тодорхойлсон 5 үндсэн сорилтоос 4 сорилтын хүрээнд 13 зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаас “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын 11-11” төвийн гар утасны аппликэйшн”, “Шилэн дансны системийг сайжруулах” гэсэн хоёр зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгохоор тусгаж байгаа бөгөөд “Нээлттэй засгийн түншлэл”-ийн зарчим, шалгуурт нийцсэн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох”, “Уул уурхайн салбар дахь бенефициал өмчлөлийн талаарх мэдээллийн ил тод байдал” зэрэг зорилт, арга хэмжээг дэвшүүлэн ажиллаж байна.