“Анхаарлаа ахиулъя” уриан дор ХАМТДАА ХАМГААЛЪЯ аяныг эхлүүллээ

Он гарснаас хойш ахуйн орчинд 6100, хүрээлэн буй орчинд 1473, хүчирхийллийн улмаас 128 орчим бага насны хүүхэд эрсдэлд орж аюул осолд өртсөн байна.

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сургууль цэцэрлэгүүд хааж хүүхдүүд гэртээ байгаа ч ахуйн орчин дахь осол гэмтлийн тоо өссөн дүр зураг байгаа нь эцэг эхчүүдийн анхаарал сэрэмж бага байгаатай холбоотой.
Мөн бага насны хүүхдийг бага насны хүүхдээр нь харуулах зэргээс улбаалж эдгээр эрсдэлүүд нэмэгдэж байгааг онцолъё.

Эх орны ирээдүй болсон бяцхан үрсдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлж, эрсдэлд өртөхөөс сэргийлүүлэх зорилготойгоор ХАМТДАА ХАМГААЛЪЯ аян ийнхүү эхэллээ.

Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн систем “ИНСУР” аппликейшны санаачилгатайгаар Номин даатгалын компани нэгдэн тус аяныг зохион байгуулах ба “Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” дэмжин ажиллах юм.

Аяны хүрээнд хүүхэдтэй хамгийн ойр эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн мэдээлэл таниулах үйл ажиллагаа, цахим болон бусад сувгаар сэрэмжлүүлэх сурталчилгааны ажлууд хийгдэх ба байгууллага аж ахуй нэгжийг бага насны хүүхэдтэй ажилчдаа зайнаас ажиллах боломжоор хангахад уриалсан ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Анхаарлаа ахиулж бяцхан үрсээ аюул ослоос сэргийлж, цаг үргэлж сонор сэрэмжтэй байхыг уриалж байна!