Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар УОК-ын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Энэ тухай тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал хийхдээ, “Коронавирусний тархалт улам бүр газар авч, 3 сая гаруй хүн халдварласан. ОХУ-д байдал хүндэрч, “COVID-19”-өөр 87 мянга гаруй хүн, АНУ-д 1 сая гаруй хүн өвдлөө. Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч 38 тохиолдол гаднаас орж ирсэн. Тиймээс Монгол Улс маш өндөр эрсдэлтэй байгаа. Олон улсын хэмжээнд залуучууд халдвар авах тохиолдол их байгаа юм. Вирус хүнээс хүнд, хүнээс амьтанд халдварлаж байгаа. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байгаа”-г тодотголоо.
Мөн уг шийдвэрийг дагаад иргэдийг гурван боомтоор авах, олон улсын нислэгүүдийг цуцлах шийдвэрийн хугацааг сунгаж байгаа аж.
Мөн хуралдаанаар мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтыг нээх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.