НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал Баянгол дүүргийн I болон XXIV дүгээр хороонд байрлах Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай. Өдгөө ашиглалтад ороод 12 жил болж байгаа ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө замын түгжрэлд 2-3 цаг зарцуулдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд тоглох тоглоомын талбай хангалтгүй, явган хүний зам нь стандарт бус, ногоон байгууламжгүй зэрэг олон асуудал байгаа ажээ.

320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаа, коронавируст халдвараас /COVID-19/ шалтгаалж барилгын ажил царцсан байна. Цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 9-р сараас өмнө дуусгаж, улсад хүлээлгэн өгнө. Мөн ирэх онд сургуулийн барилгыг барина. Түүнчлэн хотхон дотроо спорт цогцолбор барихаар төлөвлөсөн гэдгийг “Тайгам Алтай” ХХК-ний Захирал Ц.Даваасүрэн хэллээ. Нийслэлийн цэцэрлэгийн барилга худалдан авах тендерт тус хотхоны “Янзагахан Ану” цэцэрлэг материалаа илгээсэн. Улсын комисс хүлээж авбал нийслэлд төсөв батлуулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хэлж байсан юм. Тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд оршин суугчдын ч оролцоо чухал. Тиймээс цаашид “Тайгам Алтай” ХХК-ний төлөөлөл, оршин суугчидтай уулзан, хийж байгаа ажлаа танилцуулж, мэдээлэл солилцож байхаар боллоо.