Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдсон. Холбогдох хууль тогтоомжийн дагуу гурван төлөөлөгчийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

Р.Дагва: Сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийг наадмын дараа ашиглалтад оруулж, захын дүүргүүдийн утааг бууруулах ажлыг эхлүүлнэ

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “УИХ-ын 2020 оны сонгуульд сонгогчдын 73.6 хувь нь оролцож, саналаа өгсөн. Энэ нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өгсөн нийслэлийн нийт иргэддээ талархаж байгаагаа Нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөөс илэрхийлье. Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийг Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Сонгуулийн хороо зохион байгуулсан бөгөөд долоон дүүргийн 451 хэсгийн хороонд төрийн 4484 албан хаагч ажиллалаа.

Төрийн хуулиа дээдлэн, хоёргүй сэтгэлээр ажилласан төрийн албан хаагчид, мөн цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа Нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. 2020 он бол онцлогтой жил. Ирэх аравдугаар сард Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн энэ жил Төрт ёсны уламжлал Улсын баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан бэлтгэл хангаж байна. Эцэст нь хэлэхэд, наадмын дараа намар гэдэг үг байдаг.

Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя” гэсэн юм.