НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны залуучуудын чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм. Үүний гол зорилго нь гишүүн орнуудаас нэр дэвшсэн залуу төлөөлөгчид үе тэнгийнхнийхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хэрхэн хамгаалах талаар санал солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, дэлхийн түвшний бодлого боловсруулагчидтай хамтарсан мессежийг дамжуулах боломжийг олгох зорилготой энэхүү чуулга уулзалт 2020 оны 3-р сарын 2-4ний өдрүүдэд Австри улсын Вена хотод байрлах НҮБ-ын байранд зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтад нийт НҮБ-ын 33 гишүүн орны 45 төлөөлөгч хүүхэд залуучууд оролцсон бөгөөд Монгол улсаас Нийслэлийн хүүхдийн холбооны гишүүн Шилдэг бүрэн дунд сургуулийн сурагч Г.Үжин оролцсон юм.
Чуулганаас
- Шинжлэх ухаанд суурилсан хар тамхинаас урьдчилан сэргийлэх,үр дүнтэй ажлыг аль болох эрт эхлүүлбэл ирээдүй хойч үеийнхэн илүү эрүүл амьдрах боломжтой.
- Мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг бага насны хүүхдээс эхлэн хийж хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
- Олон улсын мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх тухай стандартыг чандлан дагаж мөрдөх хэрэгтэй.
- Манлайлал, харилцааны ур чадвараар дамжуулж сургуулийн боловсрол болон олон нийтэд суурилсан урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулахыг уриаллаа.
- Залуучуудыг манлайлагч болох боломжийг хангах, өсвөр үеийнхний саналыг сонсож тэднийг оролцоогоор нь хөгжүүлэн эмзэг бүлгүүдэд хүрэх шийдлийг олох.
- Өсвөр үеийн залуучуудад дэлхий даяар нийгмийн тэгш бус байдал, зөрчилдөөний нөхцөл байдал, гэмтэл, хүчирхийлэл, гутаан доромжлол ялгаварлан гадуурхах гэх мэт асуудлууд тулгарч байна. Бидэнд бие мах бодын болон сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байдаг. Эдгээр бэрхшээлийг төрийн оролцоотойгоор шийдэх шаардлагатай байна.
- Завгүй байлгаж чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нь туслах нь өсвөр үеийнхнийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Залуучууд бол зөвхөн маргаашийн удирдагчид биш, бид өнөөгийн удирдагчид юм. Тиймээс өсвөр үеийнхэн бид томчууд та бүхнийг хамтдаа арга хэмжээ авч, хар тамхи мансууруулах бодисоос сэргийлэхийг уриалсан.