Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 22 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 11 581 хүнд шинжилгээ хийсэн байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдлын 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны болон хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. “Мөнххада” ХХК-тай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа. ХСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 491 боллоо. Энэ хугацаанд бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тохиолдол 817 болсон” гэв.
Мөн тэрбээр, “Энэ сарын 4-нд коронавируст оноштой, зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчний судасны бөөгнөрөлтэй архаг хууч өвчтэй хүн эмчлүүлж байгаад ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчлүүлж байгаад нас барлаа. 76 настай, эрэгтэй хүн байсан” гэдгийг дуулгасан юм.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1308 болжээ. Үүнээс 884 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 413хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 12 нь хүнд, 126 нь хүндэвтэр, 272 хүн хөнгөн оноштой байгаа аж.