ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, санал солилцлоо.
Орон нутгийн удирдлагууд Засгийн газар, салбарын яам өвөлжилтийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч байгааг онцлоод, олон аймаг зуншлага тааруу, өвсний гарц муу байснаас малчид зэргэлдээ аймгуудад отор нүүдэл хийж байгаа, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд анхаарч байгаагаа хэлжээ.
Мөн, малчид өвс, тэжээл бэлнээр худалдаж авах санхүүгийн боломж хомс байгааг харгалзан өвс, тэжээл зээлээр авах зэрэг зохицуулалт хийхийг зарим аймгийн удирдлага уламжиллаа.
Уулзалтын үеэр усны хомсдол, бэлчээрийн даацын талаар ярьж, ХХААХҮЯ төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд энэ асуудлыг шийдэхэд анхаарна гэдгийг сайд З.Мэндсайхан хэлсэн юм.
Тэрбээр, цахим хурлын үеэр “ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Энэ тусламж өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад, эзнээ олж очих ёстой. Иймд орон нутгийн удирдлагууд хуваарилалтыг шударга зохион байгуулж, хэрэгтэй хүмүүст нь тусламж хүргэх ёстой”-г сануулав.