Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэр, тус салбарын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх байр суурь илэрхийлсэн. Дотоодод вакцинжуулах ажил эрчимжиж, аж ахуйн нэгж, төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадвал тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээхээр төлөвлөж байгааг Шадар сайд тодотгов. Энэ хүрээнд, УОК-оос байгуулсан хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах ажлын баг Алтанбулаг, Замын-Үүд болон баруун, зүүн хилийн бүсэд ажиллаж, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах ажил хийсэн хэмээн онцлоод, ямарваа эрсдэл гарахгүй бол хилээ нээх бүхий л бэлтгэлийг хангаж ажиллахаа илэрхийлэв.
Засгийн газраас тавдугаар сарын 1-нд хилээ нээхээр бэлтгэл хангахыг ийнхүү үүрэг болгосон тул цаашид УОК, яам, тамгын газар, холбогдох байгууллагууд бүх шатанд ажлаа эрчимжүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан санууллаа.