Олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадамд оролцох Монголын багийн тугчаар сонголоо.
Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд уг бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй 2 тамирчин сонгосон байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, Дэлхийн армийн АШТ-ий алтан медальт, Монголын хүнд жингийн шилдэг бөх.
Залуу тамирчин О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, 3х3 сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. Тэрбээр 23 хүртэлх насны ДАШТ-д 5 дугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д бичигдэж байна.