Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөрийг “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, “Инвескор” санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Баясгалан болоод холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бичил болоод өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч байна. Энэ үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэх ёстой. Хотын иргэд, бизнес эрхлэгчид бүгд орлоготой, ажилтай байх ёстой гэж боддог. “Рио Тинто” групп нийслэл дэх бизнес эрхлэгчдээ дэмжихээр ийм том хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлэх гэж байгаа нь маш том эхлэл. Хотын бизнес эрхлэгчдийг ажилтай, орлоготой байхад дэм болсон энэхүү хөтөлбөрийг санаачилсан “Рио Тинто” группийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч иргэдийг дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүд олон болоосой гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээв.

Харин “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хадгалж үлдэхэд нь энэхүү хөтөлбөр бага ч атугай тус дэм болж чадна гэж найдаж буйгаа илэрхийллээ. Арга хэмжээний үеэр НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болоод “Рио Тинто” групп, “Инвескор” санхүүгийн байгууллагын удирдлагууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.