ЭХЭМҮТ-өөс Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн нартай хамтран “Эх барихын яаралтай тусламж, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт цахим хурлыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдаж, Баян-Өлгий аймгаас 2017-2020 он, 2021 оны эхний 8 сард бүртгэгдсэн эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн байдалд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж, сургамжийг танилцууллаа.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, НҮЭМ-ийн зохицуулагч, Тандалт судалгааны албаны эмч нар, инженер, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар бүхий 15 хүн оролцлоо.
Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Оюундэлгэр “Эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”, ерөнхий эмч Х.Манчук “Эх барихын яаралтай тусламж, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийж, эмнэлгийн зарим тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж дутмаг байгааг танилцууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар орон нутагт тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэж болох асуудлыг ярилцлаа. Тухайлбал, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд архаг цус багадалт, бөөрний үрэвсэл элбэг тохиолдож байгаа ба бөөрний архаг үрэвслийн суурин дээр жирэмсний манас таталтын урьдал, манас таталт үүсэж улмаар төрсний дараах үед цус алдах хүндрэл илүүтэй үүсэж байгааг эмч нар дурьдлаа.
Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээг жигд сайжруулах, жирэмсний хяналтын чанар, эх барихын тусламж үйлчилгээ, зонхилон тохиолдож буй бэрхшээл, шийдвэрлэх арга замыг байгууллагын удирдлага, эмч мэргэжилтэн, сум, өрхийн эмнэлгийн түвшинд оновчтой шийдвэрлэхийн тулд багаар хамтран ярилцахыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга зөвлөв.