Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
“КОВИД-19” халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн хамрагдалт нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байгааг онцоллоо.
Мөн “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм,зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүдийг тээвэрлэн авчирсан.
Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор 7 вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа барааг хүлээн аваад байна. Хятадаас төмөр замаар таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний бүтээгдэхүүнийг татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцуулгадаа онцлов.