Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах, эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг лэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн. Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно гэж талууд үзсэн.
Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь 70 хувьтай явж байна. ТЭЗҮ-г энэ онд багтаан дуусгана. Одоо хийн хоолой татах стандартын ажил хийгдэж байна.Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссаны дараа инженер техникийн нарийвчилсан ажилд орно. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. ОХУ-ын Хиагт боомтоор орж ирээд, Замын-Үүд боомтоор дайрч, БНХАУ-ын Эрээн хот хүртэл 960.5 км хийн хоолой татагдахаар байгаа юм.