Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийг Дэлхий нийтээрээ Чанарын долоо хоног болгон тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн уламжлалтай. Өнөөдөр Дэлхийн чанарын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын чуулган”-ыг Шадар сайдын ивээл дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Чанар – тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулж байна.
Чуулганаар “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт ба тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт”, “Олон улсын стандартчилал-тогтвортой хөгжил”, “Чанар-Эрүүл хүнс”, “Бизнесийн тогтвортой байдал” гэсэн үндсэн илтгэлүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар байгуулагдсан цагаас хойш цар тахлыг даван туулахын тулд хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулах, эдийн засгаа сэргээх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.
Хэдийгээр нөхцөл байдал хүнд хэцүү амаргүй байгаа ч эдийн засгаа сэргээх цар тахлын хүндрэлийг сөрж дасан зохицож, үндэсний эв нэгдэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хохирол багатай даван туулах зайлшгүй шаардлага бий гэдгийг Шадар сайд онцлов.
Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой 10 их наядын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ажлын байр хадгалж үлдэх, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлж сэргээх олон зорилтуудыг тавьж ажиллаж байгаа гэв.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн, хэвшлийн түншлэлээр дамжуулж төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэх, салбарыг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлэх ажил эрчимтэй явна. Үндэсний хэмжээнд чанарын дэд бүтцийг олон улсын нийтлэг, жишигт нийцүүлэх, чадамжийг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлж буй үр нөлөөг улам сайжруулахад Засгийн газраас нягт хамтран ажиллах болно гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Чуулганы үеэр “Үндэсний чанарын шагнал”-ыг шинэ стандарт мөрдүүлж, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн аж ахуй нэгжид гардууллаа. Тухайлбал ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилал нь олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол Улсын Үндэсний чанарын шагналын шалгаруулалтад тэнцэж, батламжаа гардан авлаа. Тус сувилал нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны сувилал болж байгаа юм.