“Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл” байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний чуулган” эхний өдрөө “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тахимаар болон цахимаар 200 орчим эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлж, асуудал, шийдлээ хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол улсын ойн салбарын бодлого болон бүтэц тогтолцоог хөгжүүлэхэд ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, “МОНГОЛЫН ОЙ МОДНЫ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДЭЛ” БАЙГУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ 18 төрийн бус байгууллага үзэглэлээ.