Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг 2023 оны аравдугаар сараас өмнө дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дарханы 204.11 километр автозамыг 4 эгнээ, хатуу хучилттай болгон өргөтгөх ажил 2019 онд эхэлсэн.
ЗТХЯ-ны мэдээлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар уг төслийн I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.
II багц буюу хар модот давааны араас урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй, III багц буюу урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.