“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр ложистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.

Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.