С.Энхболд: Омикрон хувилбарын шинжилгээний хариу эцэслэн гараагүй

Манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлуудаас омикрон хувилбарыг тодорхойлохоор 100 сорьцыг Япон улс руу илгээжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ, "Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппаратаар урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Мөн 10, 11, 12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Сорьцыг аппаратаар шинжлэхэд 14-21 хоног шаарддаг. Эхний ээлжинд 16 сорьц өгснөөс урьдчилсан байдлаар 10 сорьцод сэжигтэй тохиолдол илэрсэн. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна.

Иргэд омикрон орж ирлээ гээд айж сандрах хэрэггүй. Өнөөдрийн байдлаар омикрон хувилбар 138 улсад тархсан байна. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна. Дельта хувилбар уушги руу орж хүндэрдэг байсан бол омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Хурдан тархаж байгаа ч гэсэн харьцангуй хөнгөн, томуу төст хэлбэртэй байна” гэв.