Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн анхдугаар чуулган МҮХАҮТ-д болж байна. Чуулганыг Шадар сайд С.Амарсайхан нээж хэлэхдээ, “Цар тахал бидэнд том сорилт учруулахын зэрэгцээгээр том зорилт тавьж ажиллахыг шаардаж байна. Тахлын улмаас улс орнуудын хил гааль дээр хүндрэл үүсч, экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тасалдал гарч байна. Энэ нөхцөлд эх орны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх боломж бүрдэж байгааг та бүхэн анхаарч чанар, стандартад илүү нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээг хангах нь чухал юм.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх бодлого гарган зургаан зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүний нэг болох хилийн боомтуудын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид боомтуудын тоог нэмэгдүүлж, чөлөөт бүсийн хөгжлийг урагшлуулна. Мөн эрчим хүчний сэргэлтийн бодлогийн хүрээнд байгальд ээлтэй цахилгаан станц барьж, дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хөрш орнуудад эрчим хүч экспортлохоор төлөвлөж байна.
Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тендерийн шалгуурт хамгийн бага үнийн шалгуур нэрийн дор албан тушаалтны цүнхний компаниуд ордог, ажил хийдүүлдэг, чанаргүй гүйцэтгэдэг байдлыг болиулж, чанар стандартыг гол шалгуур болгоно.
Төрийн хяналт шалгалт авлигын хэрэгсэл байх ёсгүй учраас Хяналт шалгалтын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой саналууд гарган ажиллаж байна. Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг халах, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Чуулганаас гарсан ажил хэрэгч, бодит саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэхэд салбар хариуцсан Шадар сайдын хувьд анхаарч, та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
Өнөөдрийн чуулганаар Зөвшөөрлийн хуулийн тухай хуулийн төслийн танилцуулга, ЖДҮ-ийн салбарын санхүүжилт, Төрийн худалдан авах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж хэлэлцүүлж байна.